БНМАУ-ын шашны эрх зүйн зохицуулалт (1940–1990)
Журнал: Восточный вектор: история, общество, государство @eurasia-world
Рубрика: Политология
Статья в выпуске: 2, 2026 года.
Бесплатный доступ
Энэхүү өгүүлэлд Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ын үеийн уламжлалт буддын шашны талаарх төрөөс баримталж байсан эрх зүйн зохицуулалт, түүний хувьсал өөрчлөлтийг 1940–1990 оныг хамруулан авч үзсэн болно. Судалгааны явцад тухайн цаг үеийн Үндсэн хуулиуд, намын Их хурлуудын тогтоол шийдвэр, архив, сонины баримтуудад тулгуурлан шашны байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах, нийгмээс шахах болон шашингүй үзэл суртлыг тулган хүлээлгэх үйл явцыг эрх зүйн үүднээс шинжлэн дүгнэв. Мөн Улаанбаатар хотод "Мөргөлийн дуган" (Гандантэгчэнлин хийд) нээгдсэн нөхцөл байдал болон Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Шашны хэрэг эрхлэх төлөөлөгч, Шашны хэрэг эрхлэх зөвлөлийн гүйцэтгэсэн үүрэг, эрх зүйн статусыг тодорхойлсон болно.
Короткий адрес: https://sciup.org/148334261
IDS: 148334261 | УДК: 348(091)(517.3) | DOI: 10.18101/2949-1657-2026-2-27-33
Legal Regulation of Religion In the Mongolian People's Republic (1940–1990)
The article investigatesthe specific features of the legal regulation of traditional Buddhism by the state in the Mongolian People's Republic (MPR) and its evolution during the period from 1940 to 1990. Drawing on the constitutions in force during the period, resolutions anddecisions adopted by Party Congresses, archival materials, and newspaper publications, the study provides a legal analysis of processes that characterizes the processes of restrictingactivities of religious organizations, their gradual exclusion from social life, and the imposition of atheistic ideology. It also examines the circumstances surrounding the opening of Morgoliin Dugan (prayer hall) at Gandantegchinlen Monastery in Ulaanbaatar, as well as the role played, functions and legal status of both the Authorized Representative for Religious Affairsand the Council for Religious Affairs under the Council of Ministers.
Текст научной статьи БНМАУ-ын шашны эрх зүйн зохицуулалт (1940–1990)
Хураангуй. Энэхүү өгүүлэлд Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ын үеийн уламжлалт буддын шашны талаарх төрөөс баримталж байсан эрх зүйн зохицуулалт, түүний хувьсал өөрчлөлтийг 1940–1990 оныг хамруулан авч үзсэн болно. Судалгааны явцад тухайн цаг үеийн Үндсэн хуулиуд, намын Их хурлуудын тогтоол шийдвэр, архив, сонины баримтуудад тулгуурлан шашны байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах, нийгмээс шахах болон шашингүй үзэл суртлыг тулган хүлээлгэх үйл явцыг эрх зүйн үүднээс шинжлэн дүгнэв. Мөн Улаанбаатар хотод "Мөргөлийн дуган" (Гандантэгчэнлин хийд) нээгдсэн нөхцөл байдал болон Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Шашны хэрэг эрхлэх төлөөлөгч, Шашны хэрэг эрхлэх зөвлөлийн гүйцэтгэсэн үүрэг, эрх зүйн статусыг тодорхойлсон болно.
Түлхүүр үг: Бурхны шашин, эрх зүй, Үндсэн хууль, шашингүй үзэл, БНМАУ, Гандантэгчэнлин хийд, Шашны хэрэг эрхлэх зөвлөл.
Талархал
The article has developed with support of a joint project with the Mongolian Ministry of Economic and Development and the Russian Science Foundation (MoED/126-05) “Traditional Buddhism in Russia and Mongolia, Post-secularity and Modern Socio-Political Processes” (2024–2026).
Ишлэл
Хишигдаваа А., Мягмарсүрэн С. БНМАУ-ын шашны эрх зүйн зохицуулалт (1940– 1990) // Восточный вектор: история, общество, государство. 2026. Вып. 2. С. 27–33.
-
1. Оршил ба 1940 оны Үндсэн хуулийн зохицуулалт
Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН)-ын Х Их хурал 1940 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 5-ны өдрүүдэд хуралдаж, намын үйл ажиллагаанд
-
2. "Мөргөлийн дуган" нээгдсэн нь ба Шашны асуудал эрхэлсэн төлөөлөгчийн газар (1940–1950-иад он)
үнэлэлт дүгнэлт өгөн цаашдын зорилтыг тодорхойлж, намын шинэ программ, дүрмийг хэлэлцэн баталжээ. Их хуралд БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн илтгэсэн МАХН-ын Төв Хорооны улс төрийн тайлан илтгэлтэй холбогдуулан гаргасан тогтоолд: «Гадаадын тагнуул ба хувьсгалын эсэргүү нарын үүр уурхай болсон сүм хийдийн эсрэг тэмцлийг амжилттай явуулан цохилт өгсөн» [1, х. 375] хэмээн дүгнэсэн байдаг.
Үүний дараагаар 1940 оны 6 дугаар сарын 30-ны өдөр БНМАУ-ын Үндсэн хуулийг Улсын VIII Их Хурлаар 12 бүлэг, 95 зүйлтэйгээр баталжээ. Энэхүү Үндсэн хуульд шашин шүтлэг болон сүм хийдийн асуудлыг төрөөс тусгаарлах зарчмыг тууштай баримталсан юм. Тодруулбал, тус хуулийн Аравдугаар бүлэг буюу "Ард иргэний үндсэн эрх ба үүргүүд"-ийн 81 дүгээр зүйлд: «Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор шашин шүтлэгийг улс ба сургуулиас тусгаарласан болно. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэн нь шашин шүтэх ба шашны эсрэг суртал нэвтрүүлэх эрхтэй болно» [2] хэмээн заажээ. Энэхүү заалтаар иргэдийн шашин шүтэх эрхийг хуульчлан үлдээсэн хэдий ч шашин шүтлэгийг төрийн хэрэг болон боловсролын тогтолцооноос бүрмөсөн тусгаарлах эрх зүйн үндсийг тавьсан юм. Судлаачид уг Үндсэн хуулийг «Чойбалсангийн Үндсэн хууль» гэж нэрлэдэг нь санамсаргүй хэрэг биш ажээ. Дээрх хуулийн зохицуулалтаар урьдын хутагт хувилгаад, дээд лам хуврагууд, нөлөө бүхий бөө удган нарын сонгуульд оролцох (сонгох, сонгогдох) эрхийг хасжээ. Шашны зүтгэлтнүүдийг «мөлжигч анги» хэмээн үзэж, төр, нийгмийн үйл хэрэгт эсэргүүцэл үзүүлж болзошгүй гэх үндэслэлээр иргэний эрхийг нь ийнхүү хязгаарласан байна. Түүнчлэн тэдний эсрэг үзэн ядуулах суртал ухуулгыг нийгэмд хүчтэй явуулсны улмаас сүм хийдүүд бүрмөсөн хаагдах нөхцөл бүрдэж, 1944 он гэхэд Монгол дахь бүх сүм хийд, жижиг дуганууд хурал мөргөлөө зогсоож, ихэнх нь нурж үгүй болсон байв.
1943 оноос эхлэн "Мөргөлийн дуган" нээх асуудлыг БНМАУ-ын Дотоод явдлын яам (ДЯЯ) судалж, МАХН-ын Төв Хороонд тодорхой санал оруулсан байна. 1944 оны эхээр болсон БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан, ЗХУ-ын удирдагч И.В.Сталин нарын уулзалтын үеэр Улаанбаатар хотод мөргөлийн дуган нээх тухай яриа өрнөсөн нь уг ажлыг эрчимжүүлэхэд чухал түлхэц болжээ. Ийнхүү Улаанбаатарт мөргөлийн дуган нээх бэлтгэл хангагдаж, өргөдөл гаргасан 105 ламаас 10 ламыг шилж сонгон суух зөвшөөрөл олгосон байна [3, х. 369].
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1944 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 34 тоот тогтоолоор Улаанбаатар хотын 8 дугаар хороонд байх хуучин дуганыг мөргөл уншлагын ажилд ашиглахыг зөвшөөрч, уншлагыг монгол хэл дээр явуулахыг даалгажээ. Энэ үндсэн дээр аргын тооллын 1944 оны 6 дугаар сарын 1-нд (билгийн тооллын XVI жарны хөх бич жилийн зуны дунд сарын 10) "Мөргөлийн дуган" 7 ламтайгаар анхны хурлаа хуржээ [4, х. 28]. Анхны хуралд Хамба Найдангийн Эрдэнэпил, Гэсгүй Түвшингийн Гомбодоо, Унзад Гомбын Бат-Очир, Цорж Равдангийн Гарамсэд, Гэвш Мижидийн Галаарид, Гэлэн Бутачийн Лувсан, Лам Очирын Дагважанцан нар оролцсон түүхтэй.
Улмаар 1944 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн лам нарын хурлаар дуганы захиргааг гавж Н.Эрдэнэпилээр удирдуулан 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, "Дуганы дотоод байдлын дүрэм"-ийг баталжээ. Энэхүү мөргөлийн дуганыг 1945
оноос "Цогчин хурал", дуганы захиргааг "Шашны төв захиргаа" гэх болсон бөгөөд удалгүй "Гандантэгчэнлин хийд" хэмээн нэрлэжээ [5, х. 39].
Шашны үйл ажиллагаа сэргэсэнтэй холбогдуулан төрөөс хяналт тавих зорилгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор тус зөвлөлийн дэргэд "Шашин мөргөлийн асуудал эрхэлсэн төлөөлөгч"-ийн орон тоог бий болгож, удирдах төлөөлөгчөөр Х.Лувсанжамцыг томилжээ. Дүрэмд зааснаар төлөөлөгч нь дараах үүрэг хүлээж байв:
-
1. Шашны талаар Засгийн газраас шийдвэрлэх болон Шашны төв захиргаанаас гаргасан асуудлыг урьдчилан боловсруулах;
-
2. Мөргөлийн дуганы ажлын тухай тогтоол, төлөвлөгөө, заавар дүрмийг боловсруулан Сайд нарын Зөвлөлд оруулж хэлэлцүүлэх;
-
3. Засгийн газрын шашны талаар гаргасан хууль, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих;
-
4. Шашин шүтлэгийн талаар гарсан санал хүсэлтэд дүгнэлт гаргаж, Сайд нарын Зөвлөлд танилцуулах;
-
5. Улсын хэмжээний шашин шүтлэгийн ерөнхий байдлыг Засгийн газарт цаг тухайд нь мэдээлэх;
-
6. Мөргөлийн дуганы тоо бүртгэл, аймгуудаас ирүүлэх мэдээг нэгтгэн дүгнэх.
Түүнчлэн орон нутгийн захиргааны байгууллагууд шашны чиглэлээр ямар нэгэн ажил зохиохын өмнө тус төлөөлөгчтэй урьдчилан харилцан тохиролцох үүрэгтэй байв [6, х. 41].
Шашны хэрэг эрхлэх төлөөлөгчөөр Хорлоогийн Лувсанжамц (1944.09– 1953.08), Очирын Дэнзэнванжил (1953.08–1958.04), Жамьянгийн Пунцаг (1958.04–1963.06) нар ажиллаж байжээ. Төлөөлөгч О.Дэнзэнванжил 1958 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн "Төв хөдөө дэх Буддын шашны сүм хийдүүдийн тухай" илтгэх хуудсандаа дараах саналуудыг Засгийн газарт дэвшүүлж байв [7, х. 45–48]:
-
• Төлөөлөгчийн мөрдөж буй дүрмийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх;
-
• Гадаад харилцаа өргөжиж байгааг харгалзан "Монголын буддын шашинтны нийгэмлэг"-ийг байгуулах;
-
• Гандан хийдийн дэргэдэх "Шашны төв захиргаа"-г өргөжүүлэн, бүх сүм хийдийн төлөөллийг багтаасан нэгдсэн захиргаа байгуулж, 1-2 жил тутамд хуралдуулдаг болох;
-
• Хамба лам Н.Эрдэнэпилийг эрүүл мэндийн байдлаар нь чөлөөлж, оронд нь улс төр, шашны боловсролтой хүнийг томилох;
-
• Гандангийн өндөр сүм, Чойжин ламын сүм зэрэг түүх, соёлын дурсгалт зүйлсийг лам нарын хүчээр сэргээн засварлах;
-
• Гандан хийдийг түшиглэн шашны сургууль байгуулж, залуу лам нарт төвөд, санскрит хэл зааж, 20 мянга гаруй боть зохиолыг судлах, орчуулах боловсон хүчин бэлтгэх;
-
• Хөдөөгийн аль нэг хийдийг Эрдэнэзууд шилжүүлэн, орлогоор нь Эрдэнэзуу болон Амарбаясгалант хийдийг сэргээн ажиллуулах;
-
• Төлөөлөгчийн дэргэд соёл, шинжлэх ухааны зүтгэлтнүүд оролцсон 5-7 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулах.
-
3. Шашингүйн үзэл суртал ба 1960 оны Үндсэн хууль
Энэ үеэс эхлэн улс төрийн хилс хэргээр хоригдож байсан лам нарыг суллаж, тэдний сонгох, сонгогдох эрхийг сэргээсэн хэдий ч ДЯЯ-наас лам нарыг хянах, тагнах ажиллагаа зогсоогүй бөгөөд шашныг эсэргүүцсэн суртал нэвтрүүлгийг өргөн хүрээтэй зохион байгуулж байв. Тухайлбал, Шинжлэх ухааны хүрээлэнгээс 1956 онд Булган, Хөвсгөл, Завхан зэрэг долоон аймагт О.Намнандорж тэргүүтэй экспедицийг 45 хоногийн хугацаатай ажиллуулж, 9000 гаруй хүнд "Буг чөтгөр байхгүй", "Шашин бол манай хөгжлийн саад тотгор" зэрэг сэдвээр лекц уншиж, одон орны дуран авиа ашиглан шинжлэх ухааны ухуулга хийжээ [8].
-
4. Шинжлэх ухааны шашингүйн суртал нэвтрүүлгийг эрчимжүүлсэн нь ба Шашны хэрэг эрхлэх зөвлөл
1974 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос "Шинжлэх ухааны шашингүйн суртал нэвтрүүлгийг хүчтэй болгох тухай" 34-р тогтоолыг гаргав [11]. Уг тогтоолоор шинжлэх ухаан-шашингүйн суртал нэвтрүүлгийг эрчимжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлжээ:
1960 оны 7 дугаар сарын 6-ны өдөр БНМАУ-ын Үндсэн хуулийг 10 бүлэг, 94 зүйлтэйгээр шинэчлэн батлав. Тус хуулийн 76 дугаар зүйлд иргэд шашин шүтлэгээр ялгаваргүй тэгш эрхтэй байхаар заасан бол 86 дугаар зүйлд: «БНМАУ-д шашныг төр ба сургуулиас тусгаарласан юм. БНМАУ-ын иргэд шүтэх, бишрэх, шашны эсрэг суртал нэвтрүүлэг хийх эрх чөлөөтэй» хэмээн хуульчилжээ. Хэдийгээр "шүтэх эрх чөлөөтэй" гэсэн ч түүний араас "шашны эсрэг суртал нэвтрүүлэг хийх эрх"-ийг хамтатган заасан нь социалист нийгмийн шашингүй үзлийн бодлогыг дэмжих, шашны үйл ажиллагааг хумих эрх зүйн гол хэрэгсэл болж байв. Улмаар 1966 оны МАХН-ын XV Их хурлаас баталсан 4 дэх программд шинжлэх ухаан-шашингүйн суртал нэвтрүүлгийг хүчтэй явуулахыг шаардаж [9, х. 537], үүний үндэслэлийг хүн амын дунд шашны нөлөө байсаар байгаа болон олон улсын тавцан дахь хөрөнгөтөн орнуудын үзэл суртлын нөлөөнөөс хамгаалах шаардлагатай холбон тайлбарлаж байв [10, х. 96].
-
• Шашны харгис мөн чанар, зальт этгээдүүдийн байдлыг илчлэх, байгаль, нийгмийн үзэгдлийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах;
-
• Хүүхэд залуучуудыг сүм хийд, сүсэгтний нөлөөнөөс хамгаалж, марксист үзлээр хүмүүжүүлэх;
-
• Хөдөлмөрийн хамт олны хяналтыг хүчтэй болгож, суртал нэвтрүүлгийг дайчин хэлбэрээр зохион байгуулах;
-
• Архаг өвчтэй хүмүүсийг шашны нөлөөнд автахаас сэргийлж, зальт этгээдүүдтэй тэмцэх;
-
• Шашны эсрэг ном товхимол, баримтат болон уран сайхны кино, зурагт хуудас хэвлэн тараах.
-
5. Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагааг зохицуулах журам (1986 он) БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1986 оны 6 дүгээр сарын 27-ны өдрийн 220 дугаар тогтоолоор "Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг баталжээ [14]. Тус журмын нийтлэг үндэслэлд: «Гандантэгчэнлин хийд нь шашны зан үйл, хурал, мөргөлийг хамтран хийж байхаар зохих журмын дагуу бүртгэгдэж, лам болсон иргэдийн хувь хоорондын нэгдэл учраас улс, олон нийт, хоршооллын аль ч байгууллагад хамаарахгүй» хэмээн заасан нь хийдийн статусыг хууль зүйн хувьд ихээхэн бүрхэг болгосон юм.
Энэхүү хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 320 дугаар тогтоолоор "Шашны хэрэг эрхлэх зөвлөл" (ШХЭЗ)-ийн дүрмийг баталж, тус зөвлөлийг шашны үйл ажиллагаанд хяналт тавих төрийн тусгай байгууллага болгожээ [12]. Зөвлөлийн анхны даргаар Д.Балжинням томилогдсон байна. Улмаар 1977, 1984 онуудад намын Төв Хорооны тогтоолуудаар тус зөвлөлийн орон тоо, гүйцэтгэх үүргийг өсгөн нэмэгдүүлж, эрх зүйн статусыг нь улам чангатгаж байв [13].
Уг журмаар Гандан хийд нь улс, олон нийтийн байгууллагатай зөвхөн ШХЭЗ-өөр дамжуулан харилцахаар хуульчилж, лам бус ажилчдын орон тоо, цалинг тогтоохдоо зөвлөлийн зөвшөөрлийг авдаг болгов. Түүнчлэн хийдийн бурхан тахил, ном судар, үнэт металл зэргийг "бүх ард түмний хөрөнгө" хэмээн үзэж, Соёлын яам болон Сангийн яамны шууд хяналтад оруулжээ.
Энэхүү журмаар сүсэгтэн олон болон лам нарын эрхийг хязгаарласан дараах хатуу хоригуудыг тогтоосон байдаг [15, х. 144]:
-
1. Шашны зан үйл, хурал мөргөлийг зөвхөн сүм дуганы дотор үйлдэх;
-
2. Шашны холбогдолтой ном судар, бурхан тахилын хэрэглэлийг бусдад тараах, бэлэглэхийг хориглох;
-
3. Хийдийн хурал мөргөлийн ажиллагааг кино, гэрэл зурагт буулгах, соронзон хальсанд бичихийг хориглох;
-
4. Лам нар хувьдаа өргөл барьц авах, лам бус иргэдийг шавь оруулахыг хориглох;
-
5. Мэргэ төлөг тавих, уул овоо тахих, бусдыг эмчлэх, эм барихыг хориглох;
-
6. Айл гэрээр явж ном унших, гүрэм хийх, хаагдсан сүм хийдийн шүтээнийг сэргээхийг тус тус хоригложээ.
-
6. Дүгнэлт
1940–1990 оны хооронд БНМАУ-д хэрэгжсэн шашны эрх зүйн зохицуулалт нь социалист төрийн үзэл суртал, улс төрийн бодлоготой нягт уялдсан, шашны институцийг нийгмийн амьдралаас шахан зайлуулахад чиглэсэн онцлогтой байв. 1940 болон 1960 оны Үндсэн хуулиудад иргэдийн “шашин шүтэх эрх”-ийг нэр төдий хадгалсан хэдий ч шашныг төр, боловсролын байгууллагаас бүрэн тусгаарлаж, шашны эсрэг суртал нэвтрүүлэх эрхийг хуульчилсан нь марксист-ленинист шашингүй үзлийг төрийн бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлжээ.
Эдгээр заалтууд нь шашныг нийгмийн амьдралаас бүрмөсөн тусгаарлаж, хумих гэсэн төрийн хатуу бодлогын илрэл байв. 1987, 1988 онуудад ШХЭЗ-ийн бүтэц, цалингийн фондод хэд хэдэн өөрчлөлт оруулсан бөгөөд энэхүү тогтолцоо 1990 оны ардчилсан өөрчлөлт хүртэл үргэлжилсэн юм [16].
Судалгаанаас үзэхэд шашны асуудлыг зохицуулах эрх зүйн тогтолцоо нь зөвхөн Үндсэн хууль, хууль тогтоомжоор хязгаарлагдаагүй бөгөөд МАХН-ын Их хурлын тогтоол, Улс төрийн товчооны шийдвэр, Сайд нарын Зөвлөлийн дүрэм журам, архивын чанартай дотоод баримт бичгүүдээр дамжин хэрэгжиж байсан нь тухайн үеийн төр, намын нэгдмэл удирдлагын тогтолцоог илтгэн харуулж байна. Иймээс шашны талаар баримталсан бодлого нь хууль зүйн хувьд иргэний эрх чөлөөг хязгаарлахын зэрэгцээ нийгмийн ухамсарт шашингүй үзлийг төлөвшүүлэх улс төрийн зорилготой байжээ.
1944 онд Улаанбаатар хотод “Мөргөлийн дуган” буюу хожмын Гандантэгчэнлин хийдийг нээсэн нь шашны үйл ажиллагааг бүрэн устгах боломжгүйг төр засаг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсний илрэл байсан боловч уг хийдийг бие даасан шашны байгууллага бус, төрийн хатуу хяналтад орших хязгаарлагдмал бүтэц болгон зохион байгуулсан байна. Үүнийг Шашны асуудал эрхэлсэн төлөөлөгч, улмаар Шашны хэрэг эрхлэх зөвлөлийн үйл ажиллагаа, тэдгээрийн эрх зүйн статусаас тодорхой харж болно. Тухайлбал, хийдийн дотоод зохион байгуулалт, лам нарын бүртгэл, санхүү, шашны зан үйл, сүсэгтнүүдтэй харилцах харилцаа хүртэл төрийн байгууллагын зөвшөөрөл, хяналтын хүрээнд явагдаж байжээ.
1986 оны “Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагааг зохицуулах журам” нь социалист төрөөс шашныг хэрхэн хязгаарлаж байсныг тод томруун илэрхийлсэн баримт мөн. Уг журмаар шашны зан үйлийг зөвхөн сүм дуганы хүрээнд хязгаарлах, шашны эд зүйл тараах, айл өрхөөр ном унших, шавь авах, мэргэ төлөг хийх зэрэг уламжлалт шашны олон хэлбэрийг хориглосон нь буддын шашны нийгмийн орон зайг хумих бодлогын илрэл байв. Энэ нь шашныг зөвхөн хяналттай, хязгаарлагдмал хүрээнд оршин тогтнохыг зөвшөөрсөн төрийн бодлогын нэг хэсэг байжээ.
Ийнхүү БНМАУ-ын үеийн шашны эрх зүйн зохицуулалт нь нэг талаас Үндсэн хуульд тунхагласан шашин шүтэх эрхийг хадгалсан мэт боловч нөгөө талаас нам-төрийн үзэл суртлын хүрээнд шашны байгууллага, лам хувраг, сүсэгтнүүдийн үйл ажиллагааг олон шатлалт захиргааны хяналт, эрх зүйн хязгаарлалтаар дамжуулан хумиж байсан хоёрдмол шинжтэй байсныг энэхүү судалгаа харуулж байна. Мөн энэхүү бодлого нь Монголын уламжлалт буддын шашны бүтэц, лам хуврагуудын нийгмийн байр суурь, шашны соёлын өвд урт хугацааны гүнзгий нөлөө үзүүлсэн бөгөөд 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараах шашны сэргэлтийн түүхэн нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэж болно.
Ишлэл татсан бүтээлийн жагсаалт (Литература)
-
1. МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд. 1920–1940 он. Нэгдүгээр дэвтэр. Улаанбаатар, 1966. 375 дахь тал.
-
2. БНМАУ-ын Үндсэн хууль (1940 он). Цахим эх сурвалж: https://legalinfo.mn/api/front/cons-detail-1940.html (хандсан огноо: 2026.05.29).
-
3. Лонжид З. Улаанбаатарт Мөргөлийн ганц дуган нээхийг Оросууд зөвшөөрсний учир юу вэ? // Харнууд З. Лонжид. Түүх сөхөхүй. Улаанбаатар, 2011. 369 дэх тал.
-
4. Мягмарсамбуу Г. Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Социализм ба буддизм (1944–1992). Улаанбаатар, 2022. 28 дахь тал.
-
5. Мягмарсамбуу Г. Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Социализм ба буддизм (1944–1992). Улаанбаатар, 2022. 39 дэх тал.
-
6. Мягмарсамбуу Г. Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Социализм ба буддизм (1944–1992). Улаанбаатар, 2022. 41 дэх тал.
-
7. Мягмaрсамбуу Г. Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Социализм ба буддизм (1944–1992). Улаанбаатар, 2022. 45–48 дахь тал.
-
8. Эрдэм шинжилгээний экспедици // Үнэн сонин. 1956 оны 11 дүгээр сарын 18. №272 (6487).
-
9. Монгол Ардын Хувьсгалт Намын XV Их хурал. 1966 оны 6 дугаар сарын 7–11. Дэлгэрэнгүй тайлан. Улаанбаатар, 1966. 537 дахь тал.
-
10. Мягмарсамбуу Г. Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Социализм ба буддизм (1944– 1992). Улаанбаатар, 2022. 96 дахь тал.
-
11. Монгол Улсын Үндэсний төв архив (МУҮТА). Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын төв. Х-4, д-33, хн-5, 67 дахь тал.
-
12. Монгол Улсын Засгийн газрын архив. Ф-1, д-18, хн-128, Индекс-330, 13 дахь хуу-дас.
-
13. МУҮТА. Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын төв. Х-4, д-34, хн-3, 216-217 дахь хуудас.
-
14. Монгол Улсын Засгийн газрын архив. Ф-1, т-34, хн-10, индекс ХГ-3.
-
15. Мягмарсамбуу Г. Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Социализм ба буддизм (1944–1992). Улаанбаатар, 2022. 144 дэх тал.
-
16. Монгол Улсын Засгийн газрын архив. Ф-1, хн-135, индекс 452.